Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ

Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ


3 жил

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна. Тиймээс “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоноос баруун тийш авто зам барих ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өгсөн юм. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас  “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг км урттай авто замын ажил эхэлсэн байна. Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ. 

Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэлээ.

Мөн “БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буй “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны  харьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу  нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа ярилаа.  

Харин гүйцэтгэгч компанийн зүгээс замын трасст өртсөн бургасыг нүүлгэн шилжүүлэх, суулгах ажлыг ирэх долоо хоногтоо багтаан дуусгах бөгөөд авто замын ажлыг аравдугаар сарын 15-нд дуусган ашиглалтад оруулна гэдгийг “Даймонд Рөүд” ХХК-ийн Ерөнхий менежер Т.Хүрэлбаатар хэлж байлаа. Тус авто зам ашиглалтад орсноор “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд үүсдэг түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү