АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав

АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав


3 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Улмаар 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна. Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтын ажил хийжээ.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд ийм ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна. Нийслэлийн удирдлагуудад энэ ажлыг дэмжиж, бодит үйл хэрэг болгосонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020-2024 онд найман ам метр болгохоор тусгасан. Энэ хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр бий болгох ажлууд хийж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын гаднах орчныг тохижуулж байгаа. Энэ хүрээнд 23 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын гаднах талбайг иж бүрэн тохижуулж байна. Энэ жил АШУҮИС, хоёрдугаар эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн гаднах талбайг тохижууллаа” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг энэ үеэр онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү