Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.
УОК хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон УОК-ын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
ХӨСҮТ-ийн Био аюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийг ирэх сарын 5-ны дотор бүрэн ашиглалтад оруулах хугацаатай үүргийг Шадар сайд С.Амарсайхан холбогдох хүмүүст өглөө.
Мөн УОК-ын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, багийн бүтэц, бүрэлдэхүүнийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчилж, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнд түшиглэн шинэчлэн байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.