Хөгжимт усан оргилуурыг ХАЛДВАР ӨНДӨР үед ажиллуулах нь ЭРСДЭЛТЭЙ

Хөгжимт усан оргилуурыг ХАЛДВАР ӨНДӨР үед ажиллуулах нь ЭРСДЭЛТЭЙ


3 жил

Сая гаруй хүнтэй тусгаар улсын нийслэлийн төв талбайд хүмүүсийн амар зугаалах, гэр бүлээрээ очих дуртай газрын нэг болсон, мөн орчины агаарыг чийгшүүлэх, өнгө үзэмжтэй ногоон талбай бүхий хөгжимт усан оргилуурыг зөөврийн усаар дүүргэдэг, мод бут сүйтгэсэн гэх зэрэг ташаа мэдээлэлд үндэслэсэн буруутгах, харлуулах “компанит ажил” гэмээр мэдээлүүд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болжээ. 

Хотын төвийн А зэрэглэл дэх Сүхбаатарын талбайн урд хэсгийн энэ газрын хувьд хувийн компанийн эзэмшилд өгчихсөн, нөгөөдүүл нь 22 тэрбум төгрөгийн барьцаанд тавьчихсан, орон гэргүй хүмүүсийн орогнодог, ил задгай бие засдаг газар болчихсон байсныг Хотын дарга асан С.Амарсайхан хувийн компанийн газар эзэмших эрхийг нь цуцалж, нийтийн эзэмшилд буцаан авч, иргэдийн амарч зугаалах, алхах дуртай газруудын нэг болгон тохижуулсан нь тус газрыг эзэмшиж, худалдаа үйлчилгээний газар барихаар төлөвлөж байсан хөрөнгө чинээтэй хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн байх талтай. 

Өнөөдөр тэд тус хөгжимт усан оргилуурыг ажиллуулахгүй байна гэдэг шалтгаанаар далимдуулан С.Амарсайханыг буруу зүйл хийсэн мэт ойлголтыг иргэд олон нийтэд төрүүлэхээр зохион байгуулалттай зүтгэж байна уу гэлтэй.

Өнгөрсөн жил ашиглалтад оруулан, хэвийн ажилласан тус усан оргилуурыг энэ жил Ковидын халдварын нөхцөл байдлаас болж ажиллуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.

Учир нь хөгжимт усан оргилуурын ажиллуулах үед хүмүүс, тэр дундаа хүүхдүүд олноор цуглаж, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөн, халдвар тархах эрсдэл үүсэж болзошгүй байгаа аж.

Түүнээс биш усгүйдээ юм уу, зөөврийн усаар дүүргэдэг учраас Хөгжимт усан оргилуур ажиллаагүй хэрэг огт биш бөгөөд тус усан сан нь төвийн шугамд холбогдсон тул 10-15 цагт багтан усаар дүүргэх боломжтой юм байна.

Өнгөрсөн жилийн тухайд анх ус алдах эсэхийг хянах, тохируулга хийхийн тулд эхний удаад зөөврийн ус хэрэглэснийг сошиал орчинд мушгин гуйвуулж, зөөврийн устай мэтээр ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа. Мөн "Централ тауэр"ын өмнөх болон бусад усан оргилууртай газруудыг мөн хүмүүс олноор цуглаж халдвар тархах эрсдэл үүсгэхээс сэргийлж ажиллуулаагүй байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү