Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ы сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.
Амралтын шийдвэр:
- Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах
- 12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амарна.
- Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
- 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх бөгөөд дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргүүлж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх ирэх хоногт зарлах юм байна.
Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье хэмээн БШУЯ-наас мэдээллээ.