МАН, МАХН нэгдэж буй талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, МАН-ын нэр дэвшигчийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурсан. Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн. Эцэст нь нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ хоёр том зарчмын асуудлыг урьдчилан тохирсон.
Нэгдүгээрт жирийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсан. Хоёр намаас гаргасан ажлын хэсэг хамтарсан уриалга гаргасан. Хамтарсан уриалга дотор 10 том зорилтыг дэвшүүлсэн. Намын гишүүд энэ уриалгыг дэмжсэн. Тус уриалгад үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнд нэгдэн нийлэх үйл явцад ямар том асуудлуудыг оруулахыг хэлэлцсэн. Бид шинэ Үндсэн хуультай болох талаар санал бодлоо солилцож байна.
Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа.
Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий.
Хоёр намын нэгдлийн хамгийн гол шалтгаан нь үндсэн хуулийн өөрчлөлт. Шинэ Үндсэн хууль буюу тав дахь Үндсэн хуультай больё гэж байна. Шинэ Үндсэн хуулийг батлах цаг нь болсон. Дэлхий нийтэд 25 жил тутамд нэг удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталдаг. Тийм учраас тавдугаар Үндсэн хуулийг боловсруулж батлах нь энэ тохирооны хамгийн гол зүйл.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: МАХН-ын 11 дэх Бага чуулган өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг дэмжих тухай тогтоол гарсан. Мөн МАХН-ын ээлжит бус Их чуулганы товыг тогтоож, төлөөлөгчдийн журмыг баталсан. МАН болон МАХН нэгдэн нийлж том зорилгын төлөө цаашид явахаар болсон. Бага чуулганаар мөн нэгдэн нийлэх хамтын ажиллагааг баталгаажуулсан.