УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёрын дунд ширүүхэн маргаан өрнөлөө.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гээд байсан. Үүнээс хойш дайрч доромжлох, хүчээр шийдэх асуудал гаарч байна. Та нар одоо боль. Бүх юмыг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Одоо бүр Цэцийн гишүүн уруу дайрч эхэллээ. Би МАНАН устгая гэдэг зүйл дээр хамтрах гэсэн чинь танайд МАНАН байна аа.
Энэ С.Бямбацогт гэдэг хүүхэд. Ц.Элбэгдоржийн гэрт л байдаг байсан. Бие даасан шүүгчтэй холбоотой зүйлийг аягүй бол С.Бямбацогт завхруулах юм шиг байна. Танай 62 дотор арай хуулийн мэдлэгтэй, шударга хүн байгааг мэдэж байна.
Гэтэл энэ МАНАН-гийн нөхрийг толгойлуулаад тавьчих юм. Энэ хүнээр толгойлуулаад дахин МАНАН-гийн шүүхийг байгуулах гэж суугаагүй. С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуулийн дагуу л хийнэ гээд байх юм, ингэж хийх юм уу . Энэ Монгол Улс болохоос биш Монгол Ардын Намын Улс биш шүү" гэсэн юм.
Харин түүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Баярлалаа, яах вэ би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Энд л их өширхдөг юм шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ. Би хуулиа бариад л ажиллаад байдаг юм. Би танд тайлбарлаагүй, ард түмэндээ тайлбарлаж байна. Тантай яриагүй байна.
Ганц Н.Алтанхуяг хамар доороо хагархайтай юм биш, надад ч бас байдаг. Хуулийн дагуу ирсэн бичгийн дагуу хууль журмаараа хэлэлцээд явж байна. Хууль ярихгүй улс төржиж болохгүй. Бид тангараг өргөсөн. Хаа хамаагүй юм ярьж болохгүй.
Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон. Ард түмэн хайртай гэж боддог юм шиг байгаа юм. Шоучин, улс төрждөг хүн шүү дээ. Хууль судалж, хуулиар сурчхаад надтай ярь. Бүх юмыг заана, ухаантай гэж бодсон. Хэлсэн зүйлд чинь хариу барина шүү. Тийм мундаг ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа яагаад эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн юм. Х.Баттулгыг дагаж явж хамаг юм аа цайруулчхаад одоо нэг л их ариухан амьтан” гэлээ.