Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбар дахь тэгш бус байдлыг тэгшитгэх, хувьсах зардал нэрээр сургуулиудад хавтгайд нь мөнгө олгодог байдлыг зогсоохоо амласан.
"Төрийн сургуульд явдаг 170.000 хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Нийслэл хотод 30.000 гаруй хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. Хувийн сургуулиудаас хэмнэсэн хувьсах зардлыг амьдралын боломжгүй, цахимаар болон теле хичээл авах боломжгүй хүүхдүүдэд зориулна" хэмээн тэрбээр эрс мэдэгдээд байгаа.
Үүнтэй холбогдуулж өчигдөр Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Тус холбоо хуралдаад "Хэдийгээр сайд таны гаргасан мэдэгдэл нь талуудын оролцоог хангаж, харилцан ойлголцох боломж олгоогүй ч хуралд оролцсон 10 саяас дээш төлбөртэй холбооны гишүүн сургуулиуд таны саналыг дэмжин ажиллахаа үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
Улаанбаатар хотод хувийн хэвшлийн 5 сая хүртэлх төлбөртэй 106, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байдаг байна. Дээрх найман сургууль нь цахимаар хичээллэж, цахилгаан, дулаанаа улсаар даалгаж байгаа ч 10-аас дээш сая төгрөгийн төлбөрийг авч байгаа нь "шударга бус" гэж салбарын сайд үзжээ.