Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан саяхан оролцсон нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг “дөрвөн өөр эцгийн дөрвөн хүүхэдтэй” хэмээн ярьж мөн эмэгтэйчүүдийн талаар сөрөг хандлага гаргасан нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужин энэ асуудал дээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрээр “Сүүлийн өдрүүдэд, Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод, ажлын хэсэг ачаалалтай хуралдаж байна. Ажлаа дуусаад талбай орж нэг ангийн С.Ганбаатар гишүүнтэйгээ уулзахаар 2 дахь удаагаа очлоо. Өмнө нь ч очихдоо хэлж байсанчлан биеэ бодохыг, бие эрүүл байвал ихийг бүтээхийг хэлсэн. Оюу толгойн гэрээний хувьд, бид дотооддоо учир эвээ олж байж гадна талтай үгээ олно. Энэ хүн эх орон, ээж эхчүүд, ирээдүйн төлөө энд суугаа.
Ижил цаг хугацаанд олон хүн над руу Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд, доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсээн, даадаг ч. Харин Монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ, өмөөрнө! Миний амьдралд 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй. Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй. Бүлээн мэдээгээр ажлын урт өдрийг жаргаая. Галд өртсөн залуу гэр бүл, тэдний 5 хүүхэд яг энэ цаг мөчид гэр, тавилгаа хүлээн авлаа. Нэг өдрийн өмнө болов галаа тойрч дулаан хоног ээ” хэмээн бичжээ.