Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг цахимаар болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв. Тэрбээр "Боловсролын салбарт хэд хэдэн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Нэгдүгээрт, боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, хөтөлбөр агуулгыг сургахаас суралцахуй руу чиглүүлэх шаардлагатай байна. Гуравдугаарт, удирдлагын тогтолцоог өөрчлөх, дөрөвдүгээрт цахим шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэж бодож байна.
Би энэ хуралд Ерөнхий сайдаас гадна эцэг хүний хувьд оролцож байгаа. Бидэнд хүүхдүүдээ сургахаас гадна хүмүүжүүлэх гэдэг том ажил бий. Сүүлийн үед хүүхдийн хүмүүжил их хоцоржээ. Тиймээс багш хүн хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх хэрэгтэй. Нэн ялангуяа хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эх орондоо хайртай, эмэгтэй хүнийг хүндэлдэг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хүмүүжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Хүнээ хүмүүжүүлэхэд багшийн үүрэг чухал. Улс орны хөгжлийн, хүний амьдралын эхлэл нь багш юм шүү. Багшийн мэргэжил бол туйлаас чухал. Тиймээс бид багш нараа бүх талаар дэмжинэ" гэв.