Ардчилсан намын их хурал эхэллээ

Ардчилсан намын их хурал эхэллээ


4 жил

Ардчилсан намын X Их хурал өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 21 аймаг 9 дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн Их хурлаар “Ковид-19” өвчлөлийн үед буюу Дэлхий нийтийг хамарсан цал тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс Ардчилсан намын нийт гишүүдээс сонгогдсон 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр улс орон даяар нэгэн зэрэг холбогдон хуралдаж байна. Энэ нь Монгол улсын түүхэнд намын их хурал анх удаа цахим хэлбэрээр болж байгаагаараа онцлогтой.

Тус их хурал цахимаар хуралдахын тулд Ардчилсан намын ҮБХ, аймаг нийслэл, сум дүүргийн намын хороо анхан шатны үүрүүд цахим хурлыг бүтэн сарын турш хийсэн бөгөөд нийт гишүүдийн 80 гаруй хувь нь намын их хурлаа цахимаар хийхийг дэмжжээ. Мөн “Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг боловсруулсан ажлын хэсэг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн сарын хугацаанд ажилласан. Өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг дэмжсэнээр ийнхүү намын их хурлаар хэлэлцэхээр болоод байна.

Энэ удаагийн Ардчилсан намын их хурал нь тус намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэд олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэн дүрэм батлагдаж байж, Монголын ардчилал эрүүл бат оршино гэж Монголын ард түмэн, гишүүд дэмжигчид үздэг. Харин энэ удаагийн хурлаар Ардчилсан намын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ.

Их хурал энэ сарын 19-ны өдрийг дуустал хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Ардчилсан нам улс орон даяар өрнүүлж байгаа цахим X их хурлаараа мэргэжлийн байгууллагуудын өгсөн эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон ажиллаж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү