Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцжээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгөв. Тэрбээр "Засгийн газрын тогтоолыг дагуулж журам гаргалаа. Өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс даана. Хэрвээ өмнөх хэрэглээнээс хэтэрвэл хэрэглэгч өөрөө төлбөрөө хариуцахаар журамд заасан.
Хэрэглээ огцом нэмэгдэж байна. Бид хэрэглээ нэмэгдэхийг тооцсон ч үүнээс өндөр байна. Эх үүсвэрийн болоод импортын эрчим хүчээс давж гарч байгаа учраас аж ахуйн нэгжүүд 17.00-21.00 цагт хэрэглээгээ 20 хувь бууруулах, айл өрх хэрэглээгээ бууруулах, цахилгаанаар дулаанаа шийдэхгүй байхыг үүрэг болгосон.
Галын аюулгүй байдлыг хангасан цахилгааны хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг үүрэг болгосон. Засгийн газрын тогтоол гарснаас хойш цахилгааны зүй бус, зохиомол хэрэглээ нэмэгдэж байна. Ашигладаггүй байр саваа цахилгаанаар халааж байна. Халаалтын зориулалттай ашиглаж байгаа тоног төхөөрөмж, утас стандартын бус байна. Тиймээс үүнийг хязгаарлах чиглэлээр энэ журмыг гаргаж хэрэгжүүлэхээр болсон" гэлээ.