УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал оруулах бус АТГ-ын дарга томилох өөрчлөлт тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Л.Энх-Амгалан: АТГ-ын дэд даргыг хэн томилохыг шийдэх хууль хэлэлцэж байна. Бид АТГ-ыг улс төрөөс хараат бусаар байгуулах гэж олон жил хичээлээ. Гэтэл манай улсад авлига буураагүй, ихэссэн гэж ойлгоод байгаа. Авлига Монголын нийгмийн соёл болох вий. Байдаг л зүйл шиг хүлээж авдаг болчхоод байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 60-аас дээш хувь нь төрийн албаны хүнд сурталд сөхөрч авлигал өгдөг гэж хариулж байна. Төрийн албан хаагчид өргөс шиг, хувалз шиг байж болохгүй. Авлигын байгууллагын дарга хэн байхаас үл шалтгаалж Монголын нийгмийн хорт хавдраас салах нь чухал. Бид авлигын эсрэг үндэсний хөтөлбөр баталсан. Үүний хэрэгжилт хаана байна вэ. Энэ асуудлуудаа ярьж хэлэлцмээр байна шүү дээ. Дарга, цэргийн асуудал ярьмааргүй байна. Лоозонгоор авлига буурахгүй. Харин сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Авлига монголчуудын муухай соёл болохоос айж байна" гэлээ.
Х.Нямбаатар: Авлигыг бууруулахын тулд цахим засаглалд шилжиж байна. Авлигын үнэлгээ өгдөг олон улсын байгууллагын дүгнэлтээр хууль шүүх, гааль, татвар, газрын албад хамгийн их авлигатай гэдгийг нэрлэсэн. Эдгээр байгууллагын удирдлагуудын томилгоонд сонгон шалгаруулалтын засаглалыг эхлүүлж байгаа" гэв.