МСНЭ: Ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж байна

МСНЭ: Ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж байна


4 жил

МЭДЭГДЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “ Худал мэдээлэл тараах” заалтыг  өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязаарлан боомилохоор тусгасныг Засгийн газрын бодлого хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.

Уг төсөл “илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол” торгуулах, зорчих эрхээ хасуулах, улмаар тав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэлтэй байхаар тусгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээнд иргэдийнхээ үзэл бодолд цензур тогтоож, эдийн засгийн аргаар боомилох, ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж буй хэрэг юм.

Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.

Алдар нэр, албан тушаалын нэр хүндийн гэх асуудлын ард ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний ашиг сонирхол, авлига, албан тушаалын гэмт хэрэг, томоохон хулгай, хуйвалдаан зэрэг хууль бус зүйлс нуугдаж байдаг билээ. Энэ нь чухамдаа нийтийн сайн сайхан, тэгш эрх, шударга ёс, боломжийг булааж, нийгмээ өвчлүүлэх тэвчишгүй үзэгдлүүд бөгөөд эдгээрийг илчлэх, мэдээлэх, шүгэл үлээх, тэмцэх, өөрчлөх бүхий л арга замыг хаан боогдуулах аюул дагуулах юм.

Бидний сонгосон Ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар булаан авах гэсэн энэхүү санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “онцгой нөхцөл байдал”, “цар тахал” зэргээр далайлган иргэд, сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн башир арга мэхтэй бид эвлэрэхгүй. Энэ нь Монголын ардчилал, түүний үнэт зүйлд халдаж буй хэрэг хэмээн үзэж эрс буруушааж байна.

Монгол Улсын иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө хийгээд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдалд халдах аливаа үйлдэл, санаархлын эсрэг хэвлэл мэдээллийн салбарынхан бид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү