Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы энэ үед НГЗБА газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд жилд дунджаар 75.000 өргөдөл, гомдол иргэн, ААН, байгууллагаас ирдэг бөгөөд үүнийг 223 албан хаагчид хүлээн авч шийдвэрлэж, төрийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ бүх ачаалал, чирэгдэлийг Цахим систем буюу И газар аппликешн шийдвэрлэж өгөх юм. Энэ бол дараалалгүй цахим үйлчилгээ юм.
ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү: Хүнээс хүнд, гараас гарт дамждаг байсан төрийн үйлчилгээ өөрчлөгдөж дэвшилтэт технологи дээр суурилан шинэчлэгдлээ. НГЗБА И-газар программ хангамжийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр газрын харилцаатай холбоотой 8 төрлийн үйлчилгээг гар утаснаасаа 2 минутын дотор авах боломж бүрдэж байна.
СХД-ийн ГЗБА-ны дарга Г. Батзориг: СХД-ийн Газар зохион байгуулалтын албанаас цар тахлын хөл хорионы үед иргэдэд үзүүлэх үйлчилгээг хурдан шуурхай, дараалалгүй, хүндрэлгүй болгох үүднээс "Захиа илгээх" үйлчилгээ болон, НГЗБА-наас хэрэгжүүлж байгаа И-газар гар утасны апп-ыг ашиглаж байна. Нийслэлийн хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэг 43 хороо, 350 мянган иргэнтэй, 120 мянган га газрыг хамардаг. Өдөрт тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 400-500 хүн үйлчлүүлж, 22 албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлж байна. Гэтэл газрын харилцаатай өргөдөл өгөх, хэрхэн шийдвэрлэгдсэн хариугаа авахын тулд хамгийн алслагдсан хорооноос, 80 гаруй километрийн алсаас зорин ирэх иргэд ч цөөнгүй байна. "И газар" апп ашиглалтанд орсоноор энэ байдал өөрчлөгдөх боломжтой боллоо.