ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан Хүнсний удирдлагын шуурхай штаб өнөөдөр цахим хурал хийлээ. Цахим хуралд аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох албаны төлөөлөл оролцов. Аймгийн Засаг дарга нарын хувьд хүнсний нөөц, хангамж болон хот хоорондын хүнсний тээвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр отор нүүдлээр аймгуудад орж ирж байгаа малчдын тоон мэдээлэл болон хорио цээрийн дэглэмтэй үед нутаг орноос хөөж туух, үл ойлголцох байдал гаргахгүй байхыг үүрэг болголоо. Хурлын төгсгөлд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах үүрэг, чиглэлийг орон нутаг болон нийслэлийн удирдлагуудад өглөө.
- Мах нийлүүлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээ авах, хязгаарлалт хийхгүй байх, тээвэрлэлтийн үеэр халдвараас хамгаалах зөвлөмжийг хүргэж ажиллахыг аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, Онцгой байдлын газрын дарга нарт,
- Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний аймаг, сум, сумын төв доторх тээвэрлэлт, тухайн аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэл болон жолоочийн халдваргүйжүүлэлтийг сахиулж оновчтой зохион байгуулахыг орон нутгийн удирдлагуудад,
- Аймгуудаас Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ зэрэг төв суурин газар руу хүнсний тээвэр хийхэд УОК-ын зөвлөмжийг мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт,
- Тээврийг хоёр талдаа аль болох даац ихтэй машинаар тээвэрлэлт хийлгэх үүнтэй холбоотой зохицуулалт хийх аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, энэ ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулахыг анхаарах,
- Яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгуудийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн хот хоорондын тээврийн үеийн халдвараас хамгаалах зөвлөмжийг удирдлага болгон орон нутагтаа зохицуулалт хийхийг Засаг дарга нар, ХХААГ-ын дарга нарт,
- Хүнсний хангамжийн шуурхай удирдлагын штабын төлөвлөгөө, түүнд тусгасан арга хэмжээг мөрдөх, мэдээллийг нягтлан гаргахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нарт үүрэг болголоо.