Улсын Онцгой Комисс өнөө орой /11.12/ хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна.
Мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар хүргэж байна.
Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо 5 болоод байгаа юм.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
Өнөөдөр нийт 7 асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг хүсч байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ, Цэргийн Госпитал эмнэлэгт ор нэмсэн талаарх мэдээллийг албаны дарга нар хүргэнэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Нийт 6 хүнд голомтот халдвар илрээд байгаа билээ. Мөн Сэлэнгэ аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй юм. Хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Түүнийг ХӨСҮТ рүү шилжүүлж, шинжилгээг дахин хийнэ. Тэрээр 11-р сарын 6-нд зовиур илэрсэн өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандсан. Цаг хугацаа, явсан маршрутаас харахад халдвар авсан жолоочтой хамааралгүй, өөр голомт байх хэмээн бид таамаглаж байна. Түүний иргэний ойрын болон 1,2-р зэргийн хавьтагчдад тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. Ажлын хэсэг нарийн шалган ажиллахаар ажлын хэсэг явсан.
МУБИС-ийн халдвартай хоёр оюутны 50 орчим ойрын хавьтлуудыг илрүүлсэн. ХӨСҮТ-д 300 ор, Цэргийн төв эмнэлэгт 550 ор, Яармагийн эмнэлэгт 300 ор, СХД-ийн шинэ эмнэлэгт 250 ор бэлдсэн. Дарааны ээлжид тархалтын цар хэмжээнээс хамааран бүх дүүргийн эмнэлгүүдэд бэлэн байдлыг хангана. Эм тариа, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын нөөц одоогийн түвшинд хангалттай байна. Цаашид халдвар хэрхэн тархахаас хамаараад судалгааг хийж байна. Бүх дүүрэгт оношилгоо хийх 11 цэгийг нээсэн ба маргаашаас үйл ажиллагаа хийнэ. Үүгээр бид хоёр , гуравдугаар зэргийн хавьтлыг оношлох юм. Хавьтлын тоо 2000 байсан бол халдварын тоо нэмэгдэн одоо 2800 орчим хавьтагчид байна. Ирэх даваа гарагийн өглөө гэхэд бүгдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу.