УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Учрал нарын таван гишүүн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан байна. Тэрбээр "Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй.
Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэхийг дэмжье, харин Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлтэй хамт оруулж ирээд хэлэлцээд явъя гэсэн байр суурийг илэрхийлсэн бол хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаа нь сайшаалтай, хойшлуулаад, Засгийн газрын бодлоготой уялдуулж оруулж ирж хэлэлцэе гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Ганбаатар нар илэрхийлэв.
Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүдийн саналд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг энэ жилдээ багтаад эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулийн өмнө, хойно гэсэн циклээр явж, болгоомжилсоор хугацаа маш их алдаж байна. Ажлын хэсэг байгуулаад хэлэлцээд явах нь ард түмнээ бодсон шийдвэр болно гэсэн байр сууриа илэрхийлэв. Байнгын хрооны дарга М.Оюунчимэг төсөл санаачлагчтай адилхан санал, байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү хэлэлцээд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.