МАН-ын бүлэг: 150 мянган айлын орон сууцны төсөл 6 төрлөөр хэрэгжинэ

МАН-ын бүлэг: 150 мянган айлын орон сууцны төсөл 6 төрлөөр хэрэгжинэ


4 жил

УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн ээлжит хурлаа хийж, хуралдаанаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн асуудлуудаа танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар зорилтот бүлгийг орон сууцжуулах хөтөлбөрийн танилцуулгыг хийсэн байна. Ингэхэд 21 аймгийн 60 хувь нь инженерийн шугам сүлжээ асуудалтай байна гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. 

УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 150 мянган айлын орон сууцын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцсэн. Хоёрдугаарт ойрын үед УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Банкны хууль, Шүүхийн тухай хууль, УИХ-ын Дэгийн тухай хууль зэрэг.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан төрлөөр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшиж байгаа газар дээр орон сууц бариулах, ашиглалтын шаардлага хангахгүй газрыг орон сууцжуулах, гэр хорооллыг орон сууцжуулах, түрээсийн орон сууц зэрэг зургаан чиглэлд хэрэгжүүлнэ. Өнгөрсөн долоо хоногоос зургаан хувийн зээлийг хүмүүс авч эхэлсэн. Өнөө өглөөний авсан мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн 6 хувийн зээл авсан байна. Түрээсийн орон сууцны асуудалд төр зайлшгүй оролцох шаардлагатай болчихоод байна. Орлого нь ипотекийн 8, 6 хувьдаа ч хүрэхгүй хүмүүс их бий. Өнөөдрийн байдлаар төрд 3000 орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас үүний 1500 орчим нь Улаанбаатар хотод бий. Өнгөрсөн онд 972 айлын түрээсийн орон сууцны төслийг Буянт-Ухаад хэрэгжүүлэхэд 35 мянган хүн бүртгүүлж байсан. Ипотекэд хамрагдаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүс их байна. Ялангуяа хөдөө орон нутагт. Аймгийн төвд 40, 80, 120 айлын зорилтот бүлгийн орон сууцны схемийг яаж хийж болох асуудлыг танилцуулсан. Тухайлбал орон нутгийг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг зарцуулах шугамаар зураг болон инженерийн шугам сүлжээг тавьж өгөх боломжтой гэх асуудлыг танилцуулсан.

Хэвлэлийн хурлын дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зургаан хувийн зээлийн урьдчилгаа бас 30 хувь уу. Үүнийг багасгах боломж бий юу?
-Судалгаагаар 8 хувьд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь 30 хувиа төлж чадахгүй, орлогын эх үүсвэрээ баталж чадахгүй, орон сууцны төлбөр өндөр байна гэж гарсан. Зургаан хувийн зээл авахад урьдчилгаа адилхан 30 хувь байна. Харин орлогын эх үүсвэрийн босго л буурч байгаа.

-2021 оны төсөвт ипотекийн зээлийн эх үүсвэр тусгагдаагүй байна. Уг нь төсвөөс дэмжлэг өгдөг байсан бол энэ жил өгөхгүй байхаар болжээ. Даан ганц Монголбанкнаас санхүүжүүлээд эх үүсвэр нь хангалттай болж чадах уу?
-Төсөвт мөнгө байхгүй учир тавьж чадаагүй. Сүүлийн нэг хоёр жилээс тавьж чадах уу байсан. Ипотекийн зээлийн санд хуримтлагдсан мөнгө буюу 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр бий. Энэ мөнгөний хэмжээнд л бид ипотекийн зээл олгоно.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шинэчлэн найруулах хүрээнд ямар суурь зарчмыг баримтлах вэ. Тодорхой заалтууд дээр бүлэг нэгдсэн байр сууринд хүрсэн уу?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн хувьд бүлэг нэгдсэн байр сууринд хүрчихсэн. Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Байнгын хороо анхны хэлэлцүүлгээ хийсэн. Одоо чуулганы нэгдсэн хуралданаар орно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү