АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп орон нутгийн цагаар 18:30 цагт “Уолтер Рийд”-ийн нэрэмжит цэргийн эмнэлгээс гарч Цагаан ордонд эргэн ирлээ.
Тэрээр гурав хоног эмнэлэгт хэвтсэний эцэст ийнхүү эмнэлгээс гарсан байна. Одоогоор түүний бие бүрэн илааршаагүй. Коронавирус нь бүрэн арилаагүй, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ унасан хэвээр байгаа аж.
Уолтер Рийдийн эмчилгээний багийнхны хэлж буйгаар баасан гарагийн өглөөнөөс хойш халуурах шинж тэмдэг илрээгүй, хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байгаа тул ийнхүү Цагаан ордон руу нь буцаажээ.
Тэрбээр Уолтер Рийдийн цэргийн эмнэлгээс гарахаас өмнө твиттер хуудаснаа “Ковидоос бүү ай, энэ амьдралаа өвчинд бүү дарлуул” гэж жиргэсэн юм.
Гэвч коронавирусний халдвар бүрэн эдгээгүй байх үед анагаах ухааны салбарын эрдэмтэд болон намынхан, сөрөг хүчнийхний шүүмжлэлд өртөөд байна.
Халдварын шинж тэмдэг нь бүрэн эдгээгүй, коронавирусний шинжилгээ эерэг хэвээр байхад гаргасан нь АНУ-аар дэнчин тавьж буй хэрэг гэж үзэж байна.
Доналд Трамп Цагаан ордонд ирсэн даруйдаа гадна талбайд амны хаалтаа тайлсан нь олон нийтийн шүүмжлэл дагууллаа.
Дашрамд сануулахад түүнийг эмнэлгээс гарахаас өмнө Цагаан ордны хэвлэлийн албаны дарга болон ажлын албаны хоёр ажилтнаас коронавируст халдвар илэрсэн юм.
Эх сурвалж: CNN