Сүүлийн үед Хотын удирдлагуудын төсөв “идсэн” хэрэг ар араасаа илчлэгдэх болов. Тэдний нэгээр НИТХ-ын дарга Р.Дагва тодорсон. Р.Давга нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 207 тоот тогтоолоор өөртөө гадаад албан томилолт, 208 тоот тогтоолоор мөн өөртөө сургалтын зардлын төлбөрт хэмээн дээрх хэмжээний мөнгийг нэг өдөр цохуулан авчээ. Энэ их мөнгийг хаанаас яаж гаргаж авав гэдэг сонирхолтой. Хуулийн дагуу НИТХ-ын дарга Р.Дагва нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг даргалдаг. Тэгэхээр түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвийн мөнгийг дураараа зарлагаджээ гэж хардах үндэслэл байна.
Хэрэв тийм бол хэдэн арван бяцхан үрсийн амь нас, цус нулимсаар Р.Дагва дарга АНУ, БНСУ-д аялж, амраад ирсэн болж таарах нь. Дээрх үйлдлийг Нийслэл дэх Төрийн аудитын газар хууль зөрчсөн үйлдэл болохыг нь тухайн оны дөрөвдүгээр сард тогтоосон байна. Уг шалтгаанаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтыг үндэслэн АТГ Р.Дагва даргыг шалгаж эхэлсэн бөгөөд даргатан байцаалтаа өгч, мөн араас нь доод албан тушаалтнуудаас нь мэдүүлэг авч эхэлжээ.