У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба


4 жил

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Түүнийг сайд Г.Сайханбаяр угтаж, төрийн Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан амжилт хүсэж, үг хэлсэн юм.

Ерөнхий сайд хэлэхдээ “Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг учраас би энэ салбартаа хайртай байдаг юм. Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилон ажиллуулж байгаа. Түүний нэг тод жишээ бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр юм. 

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг хангахад манай Засгийн газар анхаарч ажиллана.

Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол Улсын аюулгүй байдлын гадаад, дотоод орчны өөрчлөлт, геополитикийн онцлог, дэлхийн цэргийн урлагт гарч байгаа шинэчлэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, цахим технологийн хөгжлийн хурдад нийцсэн шинэ  үүрэг, зориулалттай Зэвсэгт хүчний төрлийн цэргүүд үйл ажиллагаагаа явуулах үндэс суурь тавигдаж байгаа юм. 

Даян дэлхийд энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр бусад орны цэргийн алба хаагчдыг үлгэрлэн манлайлж байдгийг НҮБ-ын хариуцлагатай албан тушаалтнуудтай уулзах үеэр надад мэдэгдэж байсан.

Сарын өмнөхөн Ерөнхий сайдын хувьд Зэвсэгт хүчний дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийн явцтай танилцаж, цэргийн нэгтгэл, ангиуд үүргээ амжилттай биелүүлж байгааг өөрийн биеэр мэдэрснээ дурдах нь зүйтэй. Цаашид дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулах тал дээр дэмжиж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Мөн улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг та бүхэн чин сэтгэлээсээ, хичээнгүй хөдөлмөрөөрөө нугалж байгаа нь Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг хангахад оруулж байгаа том хувь нэмэр юм шүү.      

Даян дэлхийд энх тайвныг тогтоох үйл хэрэгт Монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлтээр бусад орны цэргийн алба хаагчдыг үлгэрлэн манлайлж байдгийг НҮБ-ын хариуцлагатай албан тушаалтнуудтай уулзах үеэр надад мэдэгдэж байсан. Үүнийг Ерөнхий сайдын хувиар 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Зэвсэгт хүчний цэргийн багийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа илүүтэй мэдэрсэн. 

Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба. Та бүхэн маань хүүхэд, залуучуудыг төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайдын хувьд Би батлан хамгаалах салбараа үргэлж дэмжиж ажиллахаа илэрхийлье” гэлээ. 

Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг 2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн цугларалт "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвийн хүрээнд явагдаж буй юм. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

 
 
Д.Лутбаяр
АНГИЛАЛ
Улс төр
ХЭЗЭЭ
2020-09-24

ҮСГИЙН ХЭМЖЭЭ
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү