УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Үүний дагуу Үндэсний аудитын газар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж баталгаажуулжээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 13 нам, дөрвөн эвслээс болон бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Тэдний 469 нь сонгуулийн зардлын тайлангаа ирүүлжээ. 469 нэр дэвшигчдийн дансанд нийт 66,778.2 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67,260.0 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 855.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 1,337.7 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.
Сонгуульд нэр дэвшигчдэд 836 хуулийн этгээд 11,236.3 сая төгрөг, 22149 иргэн 34,735.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны тушаалаар УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон. Энэ хязгаарыг хоёр нэр дэвшигч нийт 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна. Үүнээс гадна дараах зөрчлүүд илэрчээ.
- Өөрийн хөрөнгийн эх үүсвэр нотлогдоогүй 44.7 сая,
- Өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг зээлээр бүрдүүлсэн 169.0 сая,
- Нэр дэвшигч өөрийн хөрөнгийг сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлээгүй зарцуулсан 1,287.1 сая,
- Иргэнээс өгсөн мөнгөн хандив хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 44.8 сая,
- Хуулийн этгээдээс өгсөн мөнгөнхандив хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 6.2 сая,
- Мөнгөн бус хандивыг хүлээн авахдаа гэрээ байгуулаагүй 0.5 сая,
- Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй 0.2 сая
- Хуулиар зөвшөөрөгдөөгүйхандивыг зарцуулсан 409.1 сая төгрөг байна.
2020 оны УИХ-ын сонгуулийн зардлын тайлантай бүрэн танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.