Ипотекийн 8 хувийг 6 хувь болгон бууруулахаар БХБЯ ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Ингэхдээ өмнө нь 8 хувийн зээл авсан иргэдийнхийг өөрчлөхгүйгээр шинээр орон сууц худалдан авах иргэдийг 6 хувийн хүүтэй зээлэнд хамруулах гэж байгаа талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Батболд мэдэгдсэн. Тэрбээр “Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотойгоор ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд 8 хувийн хүүтэйгээр олгосон. Бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын дундаж орлого болох 1 сая 300 мянган төгрөгөөс доош орлоготой иргэд 8 хувийн зээлд төдийлөн хамрагдаж чадаагүй буюу хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд хөтөлбөрийг 6 хувийн хүүгээр үргэлжлүүлэх судалгааг гаргаад байна” гэсэн юм.
Гэтэл Сангийн яам болон сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүй гэв. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ипотекийн 8 хувийг 6 хувь болгох эсэх асуудал Сангийн яаманд хараахан танилцуулагдаагүй байна. Надад албан ёсоор танилцуулаагүй, Сангийн яамтай тохиролцсон зүйл алга” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.