Жаст" группын захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.
Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Энхболд болон нэр бүхий гэрч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгчид сонгож авсан өмгөөлөгч С.Дэлгэрнасанг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлууллаа.
Шүүх хуралдаан аравдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт болох ба нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэхээр болжээ.
Авлигатай тэмцэх газраас "Жаст" группийн Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй.
Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК -ийн захирал Ш.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан /Залилах/ мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт,
Э.Сүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Хохирогч “Шунхлай” ХХК-нийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар