УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ажлын албанд ахлах зөвлөхөөр томилжээ.
Ерөнхий сайдын ажлын алба 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд өмнө нь ахлах зөвлөхөөр Б.Энх-Амгалан ажиллаж байсан юм.
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх; Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ хэмээн заажээ.
Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өрсөлдөөгүй бөгөөд энэ талаараа “12 жил УИХ-ын гишүүнээр ажиллалаа, одоо боллоо. Одоо өөр салбарт ажиллах цаг болсон. Нэг газар удаан суух зохистой биш. Зорилт тавьсан түүнийгээ биелүүлсэн. Одоо улс төрийн шинэ замаар явна” хэмээж байв.