Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ анхдугаар ээлжит бус чуулганаа гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр 09.00 цагт эхэллээ.
Ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль эрх зүйн шинэ орчинд Улсын Их Хурал Анхдугаар чуулганаа чуулж, гишүүн бүр тангараг өргөж, Засгийн газраа эмхлэн байгуулж, зохион байгуулалтын асуудлыг богино хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь жигдэрч ажилдаа шуурхайлан орсон гэдгийг тэмдэглэн хэллээ.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудлыг хэлэлцэх юм.