Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсан билээ. Томилгоотой холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Сайд болж байгаа нэр дэвшигчдэд баяр хүргэе. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг сайд нараас шаардах нь УИХ-ын гишүүдийн эрх гэж бодож байна. Бид "Хуримтлалтай хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр амласан. А.Ариузаяа ХНХ-ын сайд болж байгаа юм байна. Хамгийн түрүүнд энэ хөтөлбөрт анхаарал хандуулж ажиллах байх. Барилгын сайд сумын төвий шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулаарай. Дулааны цахилгаан станц барих талаас нь анхаарч ажиллаарай. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх нь малчдын хүсэж буй ганц зүйл. Ерөнхийлөгчийн санаачилгаар МАН-ын мөрийн хөтөлбөрт суусан Дарханы арьс ширний цогцолборыг яаралтай ашиглалтад оруулах талаас нь сайн ажиллааарай. Би энэ асуудлаар лобби бүлэг байгуулж ажиллана.
ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Б.Цогтбаатар ашиг сонирхлын зөрчилтэй учраас солигдож, Т.Мөнхсайхан орж ирлээ. "Хавдрын эсрэг хамтдаа" хөтөлбөр хэрэгжинэ. Үүний хүрээнд "Хавдрын аюулгүй Архангай" гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ асуудлуудад анхаарч ажиллаарай. Би хоёр зүйлийг сайд нарт захиж хэлье. Сайд болсныхоо маргаашнаас л тэнгэрээс унаад, газраас ургаад ирчихсэн юм шиг болов оо. Өмнө нь тэгж алдаж байсан сайд бий. УИХ, Байнгын хороотой уялдаатай ажилладаггүй. Ажил нь унадага. Ийм алдаа өмнө нь гарч байсан шүү. УИХ-тайгаа нягт хамтарч ажиллаарай. Өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй хүмүүс очоод баахан халаа сэлгээ хийдэг. Мөрөөрөө ажлаа хийж буй хүмүүсийг халж сольдог, өөрсдийнхөө хүмүүсийг тавих гэдэг. Түүнээсээ болоод баахан хэрүүл болж, хэвлэлээр гардаг. Тийм юм битгий хийгээрэй.