Улаанбаатар-Дорноговь чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоожээ. Өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний орой Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд 17.15-18.00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер буусан байна. Улмаар Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-т төмөр зам үерийн усанд эвдэрч, галт тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийж, сэргээн засах ажлыг эхлүүлжээ.
