УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөө шөнө 00 цагаас өндөрлөнө. 2020 оны сонгуулийн сурталчилгаа 21 хоногт буюу нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан зургаадугаар сарын 2-ноос эхэлж санал авах өдрөөс хоёр хоногийн өмнө 00:00 цагаас зогсох хуультай. Харин УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг 29 тойрог, 76 мандаттайгаар зохион байгуулж 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутгийн тойргуудад өрсөлдөж байгаа бол одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.
Өнгөрсөн 21 хоногт нэр дэвшигчид сурталчилгааны материал тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар байршуулах, намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт хийх, ухуулах байр ажиллуулах, радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлэг явуулах, цахим хуудас ашиглах зэргээр сурталчилгаагаа явууллаа.
Энэ удаагийн сонгууль онцгой нөхцөл байдалд буюу цар тахлын үед явагдаж буй учраас "COVID-19"-ийн халдвараас сэргийлэх журмыг Улсын онцгой комиссоос баталсан. Журамд сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг аль болох цахим хэлбэрээр зохион байгуулахаар тусгасан. Хэрвээ цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байхыг анхааруулж байв.