Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахлын улмаас гадаадад гацсан хүндэтгэн үзэх шалтгаантай 2000 иргэнээ энэ сард татан авахаар болсон. Энэ хүрээнд Австрали, Казахстан улсаас иргэдээ татан аваад байгаа юм. Харин өнөөдөр Япон Улсаас 258 иргэнээ татан авахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 08.09 цагт Токио руу хөөрлөө.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй тав, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 19:15 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.