Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээллээ.
Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин энэ сарын 4-нд цахимаар үлдсэн 3 ажлаа хамгаалсан бөгөөд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл ФАТФ-аас өчигдөр ирсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ФАТФ-аас тайлан ирүүлсэн. Зургаан үүрэг даалгаврын 3-ыг нь хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах зургаан үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр ирлээ. Монгол Улсын төр саарал жагсаалтаас гарах үүрэг даалгавраа ФАТФ-ын өмнө нэр төртэй биелүүллээ" гэв.
Эх сурвалж: Монцамэ агентлаг