Дөрвөн хүүхэд эзэмшлийнх нь газрын усанд живсэн Хан талст компани хэнийх вэ

Дөрвөн хүүхэд эзэмшлийнх нь газрын усанд живсэн Хан талст компани хэнийх вэ


5 жил

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарсан.

Тодруулбал, “Хүүхдүүд тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү амиа алдсан. Тус газар 10 гаруй хүүхэд тоглож байсан” гэх албан бус мэдээлэл байна.

-“ХАН ТАЛСТ” ХХК-ИЙГ И.НАРАНТУЯА АТГ-Т ГАРГАСАН ХОМ-ТЭЭ ДУРЬДАЖ БАЙЖЭЭ-

Ямартай ч энэхүү “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт гарсан золгүй явдлын талаар өчигдөр орой 22 цагийн орчимд Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/-ын албан тушаалтнууд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийнэ” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл “Хан талст” компани нь Шагдарсүрэнгийн Бат-Энхийн нэр дээр байдаг байна. Ш.Бат-Энх нь мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газар /ХТГ/-ын даргаар ажиллаж байсан И.Нарантуяа ажээ. Тэрээр Хан талст, Хурдны зам зэрэг компанийг ХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаж байж.

-2019 ОНЫ ТАВДУГААР САРД ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ТУС АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙЖЭЭ-

Ямартай ч нийгмийг цочроосон энэхүү харамсалтай хэрэгт улс төрчид хэн, хэнийгээ буруутгаж, улс төр хийх гэж байна уу гэх хардлагыг төрүүлж байна. Гэтэл Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны Тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36  га талбайд “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж буй “Хан талст” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байжээ. Энэ үеэр хотын даргын зүгээс “байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн  аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллана” гэдгээ илэрхийлж байжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны өчигдөр хэвлэлийн хурлын ярьсан “НМХГ-аас гаргасан Хан талст ХХК-тай холбоотой өнөөх олон зөрчлүүд” огт яригдаагүй өнгөрч байжээ.

Газар олгосон зөвшөөрөл
Газар олгосон зөвшөөрөл
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү