Энэ жилийн хувьд ЕБС төгсөж, их, дээд сургуульд дэвшин суралцах хүсэлтэй 30,900 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр Боловсорлын үнэлгээний төв (БҮТ)-д 2 дугаар сарын 10-аас 4 дүгээр сарын 15 ны хооронд бүртгүүлжээ. Түүн дээр урьд жилүүдэд дунд сургуулиа төгссөн ч энэ жил шалгалт өгөх 2900 хүүхэд нэмэгдэнэ. 2020 оны хувьд бас урьд жилүүдээс илүү онцлогтой болно.
Дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотой “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Түүнтэй уялдуулаад бүх шатны сургуулийн үйл ажиллагааг түр завсарлуулсан билээ. Цаг үеийн шаардлагаар гарсан дээрх үйл явдал нь ЭЕШ авдаг өмнөх жилүүдийн тогтсон хэвшлийг өөрчлөхөд хүргэлээ.
ЭЕШ-ын шалгалтын журамд дараах өөрчлөлтүүд орсон
ЭЕШ-ын тов долдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрийн хооронд гэж гарсан. Шалгуулагчид зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд бүртгэлийн дугаараа ашиглаад eec.mn сайтын булангаас суудлын хуваариа авна. Харин шалгалт авах байранд нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтана.
Эхнийх нь тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүхийг шаардана. Дараа нь шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна.
Харин хоёр дахь нь орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгана.
Нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 м байлгах стандарт гаргажээ. Шинэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.
Нийслэлд байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноо 410 байхаар тогтоожээ. Харин орон нутагт байгаа бүхий л их дээд сургууль, коллежуудын босго оноо 400 байна. Босго оноог дээрх байдлаар тогтоосноор ЭЕШ-д хамрагдсан хүүхдүүдийн 75 хувь нь их, дээд сургуульд орох болзол хангана.
Үлдсэн нь тогтоосон босго оноонд хүрэхгүй байх магадлалтай гэх урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ. ЭЕШ авахаар бэлтгэсэн обьектууд бүрэн камержсэн бөгөөд 24 цаг цагдаагийн хамгаалалтад байна. Ийм учраас шалгалтын сэдэв, хариу задарна гэсэн ямар ч ойлголт байхгүй гэж албаны хүмүүс анхааруулж байна. Шалгалтын байранд ирэхдээ сурагчид:
I. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт
II. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
III. Суудлын хуваарь
IV. Бүртгэлийн хуудас авч очиход болно. Энэ бол шалгалт авах үйл явдлыг эмхэлж цэгцэлсэн журмын хүрээн дэх өөрчлөлтүүд. Шалгалтын даалгаварт 10,11-р ангийн хичээлийн сэдэв, агуулгыг бүтнээр нь хамруулна. Харин “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан буюу сүүлийн хагас жилд 12-р ангид ороогүй хичлээлийн сэдэв агуулгыг хамруулахгүй юм. ЭЕШ-ын энэ жилийн онцлог ийм байна.