Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг ЦУОШГ, ОБЕГ-аас өгсөөр байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Тавдугаар сарын 15-нд буюу өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно.
Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Байгалийн энэхүү үзэгдэл нь 2008 оны 5-р сарын 26, 27-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймагт болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй.
Өнөөдөр үдээс өмнө дулаахан тогтуун байх ч үдээс хойш агаарын температур огцом унаж, хүчтэй салхи, шороон шуурга дэгдэж, үргэлжлүүлэн цасан шуурга шуурна.
Тухайн үед Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 28-34 м/секунд хүрч хүчтэй салхины гамшигт үзэгдэл болсон. Мөн Хэнтий аймгийн нутгаар цасан болон шороон шуурга, Сүхбаатар, Дорноговь аймагт хүчтэй салхи, шороон шуурга болсон.
Энэ үед цаг уур, онцгой байдлын байгууллагаас урьдчилан сэргийлэх мэдээ сэрэмжлүүлэг явуулсан боловч 52 хүн амь эрсдэж, 324 мянган мал хорогдож, цахилгаан эрчим хүчний 100 гаруй шонгууд унаж, 100 гаруй гэр нурж, байшингийн дээвэр унасан.
Хэдийгээр байгалийн давагдашгүй хүчин зүйл боловч хүмүүсийн хэнэггүй хайхрамжгүй байдлаас ихээхэн шалтгаалсан. Учир нь 2008 оны тавдугаар сарын 26-ны тэр өглөө Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байсан.
Тэгвэл өнөөдөр үдээс өмнө дулаахан тогтуун байх бөгөөд 14.00 цагаас хойш агаарын температур огцом унаж, хүчтэй салхи, шороон шуурга дэгдэж, үргэлжлүүлэн цасан шуурга шуурна. Тиймээс өглөөний дулаанд хууртаж нимгэн хувцаслах, малаа холын бэлчээрт гаргах, хүүхдээ малд явуулсан зэргээс болж 52 хүний амь эрсэдсэн.
Зүүн гурван аймагт 16, 17-ны өдрүүдэд ч хүчтэй, салхи шороон шуурга үргэлжилнэ. Ялангуяа Хэнтий аймагт онц аюултай үзэгдэл болж болзошгүй.
ОБЕГ-ын анхааруулга:
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах
- 15, 16-ны өдрүүдэд мал шуурганд уруудахаас сэргийлж, хашаанаас гарахгүй байх
- Сургууль, цэцэрлэг амарсан тул хотын иргэд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу их явуулсан байгаа. Бага насны хүүхдийг малд явуулахгүй, хүүхдийг хөдөө хээр хараа хяналтгүй орхихгүй, хүүхдийг гадаа тоглуулахгүй байх
- Амралтын өдрүүдэд иргэд хол, ойрын замд гарахгүй байх
- Ар гэрийнхэнтэйгээ байнгын холбоотой байж, ямар зорилгоор хаашаа явж байгаагаа мэдээлэх
- Хэрэв хөдөө хээр саатсан бол Онцгой байдлын газарт шуурхай мэдээлэхийг ард иргэдэд анхаарууллаа.