ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүд авлига албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг Прокурорын Ерөнхий газраас хүсч албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл дээрх гишүүд авлигын хэргүүдийг шалгах явцын талаар мэдээлэл авчээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай холбогдох асуудлыг хэвлэлийнхэн ихэд сонирхож байв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ганцаараа толгой мэдэн Монголын ирээдүйд халтай хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан гэж үздэг. Тиймээс тухайн үед МАН-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Ажлын хэсгийнхэн Дубайн гэрээ Монголд ашиггүй байна гэж үзсэн юм.
Тодруулбал, гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгасан юм. Ийнхүү Дубайн гэрээ өндрөө авч Үндэсний аюулгүй байдлын хуралдаанаар хүртэл авч хэлэлцсэн. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор экс Ерөнхий сайдад хэрэг үүсгэж, цагдан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх нэрийдлээр хилийн хоригоо цуцалж, эх орноосоо зугтаад эргэж ирээгүй байна. Тиймээс ч хууль хяналтынхан экс Ерөнхий сайдыг Интерполоор хүртэл хайж үзсэн. Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо очно гэж үг дайдаг ч ирэх хугацаа хэдэнтээ хойшлуулсан. Учир нь тэр АНУ болон Их Британид төвтэй “Amsderdam Partners LLP” гэх олон улсад зартай хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болжээ. Ганцхан Дубайн гэрээгээр ч зогсохгүй Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмент ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн худалдаж авах эрхээсээ татгалзаж, УИХ-д танилцуулахгүй “Монголиан коппер корпорейшн” компанид давуу эрх олгож худалдах шийдвэр гаргасан.
Энэ шийдвэрээс болж 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Монголын төрийн өндөр сэнтийд суух богинохон хугацаандаа Ч.Сайханбилэг Монголд ээлгүй томоохон шийдвэрүүд гаргасны зах зухаас нь дурдахад л ийм байна.
С.Өрлөг