УОК-ын шийдвэрээр өчигдөр буюу тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Увс аймгийн Боршоо боомтоор татан авсан.
Тэд одоогоор замдаа явж байгаа бөгөөд ирэхэд нь тусгаарлаж, шинжилгээ авна гэдгийг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.
Тэрбээр "ОХУ-д сурч байсан оюутнууд Тувагийн хилээр дамжин Монголд ирсэн. Тэд одоогоор замдаа явж буй бөгөөд хамгаалалттай ирж байгаа. Ирэхэд нь тусгаарлах байр нь бэлэн бий.
Ирэнгүүт нь батлагдсан журмын дагуу шинжилгээ авах ажлыг Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн багийнхан зохион байгуулна" гэсэн юм.
Хилээр орж ирсэн сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй, тухайн үед биеийн байдал хэвийн байсан талаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Мөн сурагчдыг 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдөлсөн аж.