Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.05.05/ ээлжит хурлаа хийж, чартер нислэгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хамгийн сүүлд гадаад улс руу гурван удаагийн тусгай нислэг үйлдлээ. Гурван удаагийн энэхүү тусгай нислэгээр нийт 28 улсаас 800 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулсан. Зөвхөн транзит зорчигч авсан хоёр нислэгийн хувьд зохион байгуулалтын ажил маш хүндрэлтэй байлаа. Улс орнууд хилээ хаасан, хөл хорио тогтоосон энэ үед тэдгээр улсад байгаа ЭСЯ, Консулын газрууд хүчин чармайлт гарган ажилласныг тодотгож хэлмээр байна.
Иргэдийг татан авах ажлыг зохион байгуулсаар байгаа ч өнөөдрийн байдлаар 10,076 иргэн гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа.
Мөн гадаадын 24 орны нийт 132 иргэнд Монголоос эх орондоо буцах боломжийг олгож, явууллаа.
Бид УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс руу ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Үүний дараа дахин БНСУ-руу нислэг үйлдэх асуудал яригдах байх. Мөн хил залгаа ОХУ-аас 2,000 орчим иргэнээ татан авах нарийвчилсан арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна" гэдгийг хэллээ.