Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ХБНГУ, Белгийн Вант улсын сургагч багш нартай хамтран “Амьд гарах арга ухаан” болон “Корона вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний талаар тус тус сургалт, дадлагуудыг ажиллагааны газар оронд зохион байгуулж, харилцан туршлага солилцлоо.
Амьд гарах арга ухааны сургалтаар говь хээрийн бүсэд оромж барих, гал гаргах, ус олох, олс зангилгаа зангидах, байр зүйн баримжаалал хийх, тактикийн татан гаргалт хийх зэрэг сургалтыг онол, дадлагаар хийж гүйцэтгэв.
Дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаад буй шинэ коронавирусын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын талаар бие бүрэлдэхүүнтэй “Мармал” баазын эрүүл мэнд, эрүүл ахуйн эмч, ХБНГУ-ын II шатлалын эмнэлгийн эрүүл ахуйч эмч, цэргийн багийн эмч нарын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Түүнчлэн ДЭМБ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ЗХЖШ-ын эрүүл мэндийн хэлтсээс боловсруулан гаргасан заавар зөвлөмжүүдийг үндэслэн урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан амны хаалт, нөмрөг оёж, өдөр тутмын үйл ажиллагаа болон үүрэг гүйцэтгэлтэд ашиглаж байна.