Өнөөдөр /2020.04.29/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
“Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь нэг лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ээ.
Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан хоёр, ажиглах байрны 25 хүн, Дорноговь аймагт тусгаарласан зургаа, СОС Медикал эмнэлэгт тусгаарласан нэг, тандалын 110 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан.
Мөн ХӨСҮТ-ээс тусгаарлалтын хугацаа нь дууссан 80, ажиглалтын байрнаас 154 хүнийг гаргаж, шилжүүлж байна. Ийнхүү дараагийн чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээн авах зохицуулалт хийж байна” гэлээ.