Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 18 дахь удаагийн хуралдаанаар тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд явуулна. Харин тухайн нислэгээр эх орондоо ирэх иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабын дэргэдэх Ажлын хэсэг явуулах шийдвэрийг гаргаад байна.
Энэ шийдвэрийн дагуу бүртгэлийн дарааллыг үл харгалзан Монгол Улсын Онцгой комиссын шуурхай штабаас дараах үндсэн 5 шалгуурыг хангасан иргэдийг нэн тэргүүнд эх орон руу нь буцаана.
Үүнд:
- Өндөр настан, /Эрэгтэй 60 нас болон түүнээс дээш, эмэгтэй 55 нас болон түүнээс дээш/
- Хөгжлийн бэрхшээлтэй,
- Монгол Улсад эмнэлгийн хяналтад байдаг, /Эмнэлгийн тодорхойлолттой байх/
- Жирэмсэн, /16 долоо хоног буюу 4 сараас доошгүй байх, жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авсан байх, үүнд жирэмсний 36 долоо хоногоос хэтрэхгүй, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэй нь заасан магадлагааны маягтыг хяналт тавьж буй эмчээрээ бөглүүлэн МИАТ ХК-аар аялах боломжтой. Төрөхөөс өмнөх сүүлийн 14 хоногийн өмнө аялж буй зорчигч буюу жирэмсэн эмэгтэй болон төрөөд 7 хонож буй эмэгтэйг МИАТ ХК тээвэрлэхгүй./
- Бага насны болон нялх хүүхэдтэй гэр бүл, /0-5 нас хүртэлх хүүхэдтэй гэр бүл/
Тус ЭСЯ нь иргэдийн цагийг хэмнэх, төвөг чирэгдэл үүсгэхгүйн үүднээс тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах иргэдийн бүртгэлийг цаашид charter.tokyo@gmail.com цахим хаягаар авах болсныг үүгээр мэдэгдэж байна. Иймд бүртгэлийг цаашид утсаар хийхгүй болсныг анхаарна уу.
Бүртгүүлэх хүсэлтэй иргэд доорх мэдээллийг ирүүлэхэд анхаарна уу. Үүнд:
1. Овог нэр
2. Паспортын дугаар
3. Төрсөн огноо
4. Тийзний дугаар /МИАТ ХК-ний нислэгийн буцах тийзтэй тохиолдолд/
5. Япон Улсад холбоо барих утасны дугаар
6. Монгол Улсад холбоо барих утасны дугаар
7. Эх орон руугаа буцах шалтгаан зэрэг болно.
Өнөөдрийн байдлаар тус ЭСЯ-нд тусгай үүргийн нислэгээр эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байгаа 588 иргэн байгаа бөгөөд дээрх иргэд ЭСЯ-ны бүртгэлд хамрагдсан байгаа тул тус цахим хаяг руу мэдээллээ явуулах шаардлагагүй болно. Бүртгэлд хамрагдсан эсэхийг энэ холбоосоор орж шалгана уу.
ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам