УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АН-ынхан өнөөдөр цэцэгтэй, тугтай намын гишүүнээрээ ёслол төгөлдөр угтан авлаа.
Саяхан л нэг нэгнийгээ худалч, хулгайчаараа дуудаж, нэг нүдээрээ ч үзэхгүй байсан тэд сонгуулийн өмнөхөн ийнхүү цэцгийн баглаатай уулзав. Улс төрд мөнхийн найз, дайсан гэж байдаггүй зөвхөн түүнийг давсан эрх ашиг гэж бий гэдэг үг өөрийн эрхгүй санаанд буув. Учир нь О.Баасанхүү гишүүний үг, үйлдэл үргэлж тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг. Эрх ашиг хаана байна, тэнд ойж буудаг хүн гэвэл хилсэдсэн болохгүй. Ц.Нямдорж гишүүн О.Баасанхүүг нэгэнтээ “Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж их улс төрд орж ирсэн” гэж тодорхойлсон билээ.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа олон нийтэд танигдаж, МАХН-аас улс төрийн гараагаа эхэлж, парламентад хоёр удаа сонгогдоод байгаа нь үнэн билээ. Гэвч “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр Н.Энхбаяртай эв түнжингүй болж, МАХН-ын албан бус даргаар өөрийгөө томилсон ч намын гишүүдийн дэмжлэг аваагүй учир амжилт олж чадсангүй. Нэгэн цагт хаан мэт тахин шүтэж явсан Н.Энхбаярыгаа О.Баасанхүү гишүүн байнга шүүмжлэх ажлыг сүүлийн хэдэн сар идэвхитэй хийж байгаа билээ. Энэ парламентын үед О.Баасанхүү гишүүн гэнэтхэн л шударга гишүүний дүр эсгэж, гар утсаараа дамжуулан гишүүдийн ирцийг бүртгэх Тамгын газрын ажлыг сайн дураараа хийх болсон. Хууль бус үйлдэлтэй шударгаар тэмцэж, парламент дахь сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэнэ гэж ярьж байсан шударга гишүүн О.Баасанхүү ийнхүү АН-ын дарга С.Эрдэнийн “хавханд” өөрөө гүйгээд орчихлоо.
Түүнийг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг намдаа тушаасан гэх мэдээллийг “Херо Холдинг” компанийн захирал Х.Ганхуяг олон нийтэд цацсан.
Гэвч О.Баасанхүү гишүүн түүнийг энэ мэдээллийнх нь төлөө шүүхэд өгч, 100 сая төгрөг гаргуулан АН-аас нэр дэвшинэ гэх хачирхалтай мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, О.Баасанхүү гишүүн АН-ын 100 саяар Их хурлын гишүүний суудлыг “наймаалцах” С.Эрдэнийн схемийн дэмжигчдийн нэг байжээ.
Парламентын хуульч гишүүдийн нэг гэдгээрээ өөрийгөө дөвийлгөх дуртай О.Баасанхүү гишүүн ийнхүү Үндсэн хуулийн суурь зарчим, Сонгуулийн тухай хуулийг илтэд зөрчсөн АН-ын 100 саяын схемийг хүлээн зөвшөөрсөн нь ичгэвтэр хэрэг байлаа.
АН-д цэцгийн баглаатай сүржин элссэн О.Баасанхүү гишүүнийг цаана л нэг “гунигтай” яг л АН-д барьцаалагдсан юм шиг харагдаж байна гэж нийгмийн цахим сүлжээгээр бичжээ. МАХН-д гадуурхагдаж, тойрогтоо “гундуу”-хан байгаа түүнд АН-ыг сонгохоос өөр улс төрийн нүүдэл байгаагүй байж мэднэ. Гэхдээ үзэл бодлоосоо урваж, улс төрийн хожоо эрх ашгаа нэгдүгээрт тавьсан түүнд тойргийн сонгогчид нь итгэл үзүүлэх эсэх нь улам эргэлзээтэй боллоо.