УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

УИХ-ын гурван байнгын хороо хуралдана


5 жил

УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Харин Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдахаар товлосон байна. Тус байнгын хороо Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны тариалалт, үрийн нөөцийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, газар тариаланг дэмжих чиглэлээр санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулахаар төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү