Санжаасүрэнгийн Зориг /1962.04.20, 1998.10.02/ Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, XX зууны манлай улс төрч байв.
С. Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ. Түүний ээж, хүний их эмч Доржпалам нь Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач А.Симуковын охин байжээ. Тэрбээр хар нялхдаа өнчирч, монгол эх эцгийн гар дээр өсөж өндийсөн төдийгүй Монголд европ эмнэлгийг дэлгэрvvлэхэд хvчин зvтгэж явсан Зөвлөлтийн эмч эмэгтэйн дүрийг уран сайхны Сэрэлт кинонд дүр бүтээж олны танил болж байжээ.
Зориг хүү монголын сэхээтнүүд үр хүүхдээ сургахыг эрхэмлэдэг байсан орос хэлний сургалттай 23-р сургуульд 1970 онд элсэн орж, 1980 онд төгсч, улмаар тэр үеийн ЗХУ-ын номер нэг сургууль болох Москвагийн их сургуулийг философич мэргэжлээр 1985 онд төгссөн байна.
Тэрээр 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, Ардчилсан холбоо эвслийн хоёр дахь засгийн газар болох Цахиагийн Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
1998 оны 10 сарын 2-нд Зоригийг гэрт нь олон удаа хутгалж амь насыг нь бүрэлгэв. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж, Монголын ард түмэн хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэн гашуудаж байлаа.