ӨМӨЗО-оос манай улсад түргэний машин, оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис өглөө

ӨМӨЗО-оос манай улсад түргэний машин, оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис өглөө


5 жил

БНХАУ-ын ӨМӨЗО-оос Монгол Улсын Улаанбаатар хотод Сөрөг даралтын түргэн тусламжийн машин, шинэ коронавирусийн оношлуур, сорьц шинжилгээний аппарат болон хамгаалалтын бодис, ариутгалын шингэнийг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр//2020.04.10/ 09:00 цагт ӨМӨЗО-ы Ардын засгийн ордонд болов.

Арга хэмжээнд оролцсон удирдлагуудын хэлсэн үгийг товчлон хүргэж байна.

Монголын ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе

БНХАУ-ын ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй: ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг болон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад, Монгол хоёр улс нь уул, усаараа холбогдсон сайн хөрш, сайн найз, сайн түншүүд.

Шинэ төрлийн коронавирусын цар тахал эхэлсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар болон нийгмийн бүх салбар Хятадын цар тахалтай тэмцэх ажлыг янз бүрийн хэлбэрээр дэмжиж ирсэн. Ялангуяа бидний цар тахалтай тэмцэж байсан хамгийн хүнд үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлан ирж Хятадын ард түмэн цар тахалтай тэмцэж ялна гэдэгт баттай итгэж буйгаа илэрхийлэн дэмжлэг үзүүлсэн явдал нь Монгол, Хятадын ард түмний найрсаг, гүн бат найрамдалт харилцааны илэрхийлэл болсон.

Ши Жинпинь дарга төвтэй Намын төв хорооны хүчтэй удирдлагын дор бид цар тахалыг хяналтандаа авч ололт, амжилтад хүрлээ. Ингэснээр манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэг журамтай сэргэж байна.

 

Дэлхийн олон оронд цар тахал хурдацтай тархаж, өвчний нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед дэлхийн улс орнууд хамтран өвчинтэй тэмцэх тал дээр анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсад нөхцөл байдал тогтвортой, өвчлөлийн тархалтыг бага түвшинд барьж байгааг бид өндрөөр үнэлж, сайшааж байна.

ӨМӨЗО-оос Монгол Улсад үзүүлж буй 2 дахь ээлжийн тусламжийг Улаанбаатар хотод өгч байгаа бөгөөд энэхүү түргэн тусламжийн тэрэг болон техник хэрэгсэл нь Монгол Улсын халдвартай тэмцэх ажилд тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Монголын ард түмэнд эрүүл энхийг хүсэн ерөөе. Монгол, Хятадын найрамдал үүрд орших болтугай.

Монгол-Хятад хоёр улсын ард түмний эрүүл мэндийн төлөө бид бүгд хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулах болно

Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг: Эрхэм хүндэт хатагтай Бу Сяолин, эрхэмсэг ноёд хатагтай, эрхэм хүндэт анд найз Та бүхэндээ энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье!

Уушгины шинэ төрлийн хатгалгаа өвчний голомтод байсан иргэд, энэ өвчинтэй тэмцэж байгаа бүх шатны байгууллагууд, зоригт дайчид Та нартаа чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлж байна.

ӨМӨЗО-ы ард иргэд болон бүх Хятадын ард түмэн анх өвчин илэрсэн цагаас эхлэн Ши Жиньпин даргын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор Намын төв хороо, Төрийн зөвлөл коронавирустэй тэмцэх ажлын хэсэг байгуулж, улс орон даяар бүх шатны байгууллага, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэн тууштай, шийдэмгий арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлсний үр дүнд вирусийн халдвар авсан иргэдийн тоо буурч, эдгэсэн иргэдийн тоо улам бүр нэмэгдэж, шинэ төрлийн уушигны хатгалгааны тархалтыг зогсоох анхны ялалтаа байгуулсаныг бид баяртайгаар харж байна.

Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд Монгол Улс хэзээд идэвх зүтгэлтэй оролцож ирсэн . Бид вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулт өвчинтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй өнө мөнхийн хөршдөө чин сэтгэлийн дэмжлэгийг үзүүлэхээр улс орон даяар “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аян өрнүүлж, төрийн албан хаагч, ажилчин, малчин болон хувь хүн бүр өөрсдийн хувь нэмрийг оруулж хөрш орны ард иргэддээ тусламжийн гараа сунгаж байна.

БНХАУ нь дэлхий нийтийн өмнө их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, нээлттэй  ил тод байдлаар вирусын халдварт хатгалгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл, туршлагаасаа хуваалцан вирусийн тархалт хурдацтай явагдаж байгаа улс орнуудад эрүүл мэндийн техник хэрэгсэл, эд, материал төдийгүй эмч нарын баг бүрэлдэхүүнээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа нь олон улсын талархлыг хүлээж байна.

ӨМӨЗО-оос Монгол Улсад орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн тэргийг хүлээлгэн өгч байгаа нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд оруулж байгаа том хувь нэмэр, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд том түлхэц болсон үйл явдал юм. Монгол-Хятад хоёр улсын ард түмний эрүүл мэндийн төлөө бид бүгд хамтдаа хийж чадах бүхий л зүйлээрээ хувь нэмрээ оруулах болно.

Тус арга хэмжээнд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бу Сяолин, Монгол Улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, ӨМӨЗО-ы дэд тэргүүлэгч, Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Оуяан Сяохуй, Монгол Улсаа Хөх хотод суугаа ЕКГ-ын консул Б.Гантулга, ӨМӨЗО-ы Нарийн бичгийн дарга Бао Жэнь Юй, ӨМӨЗО-ы Улаан загалмай нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Ван Фан, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Фу Юнчинь болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү