Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор "Хоггүй ХОТ" аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил болж байгаа Хогийн цэг дээр очиж ажиллалаа.
Энэ үеэр тус хорооны иргэн М.Батбаатар “Энэ хог олон жил энд байсан. Орчны бохирдол үүсгэж байна. Дүүрэгт олон удаа хандаж байсан боловч хог ачилтын машин хүрэлцэхгүй байна гэх зэрэг шалтгаан хэлж, ачихгүй хойшлуулсаар ирсэн. Гудамж талбайд хүүхдүүд тоглох нь байтугай том хүн явахад хүндрэл учирч байна. Таныг хорооны Засаг дарга болон бусад хариуцсан албан тушаалтнуудад хогийн цэг байсан газрыг эргүүлэн өгч хашааг нь буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэдгийг Хотын захирагчид хэлэв.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Д.Энхтүвшин “Хог хаягдлыг хорооноос ачдаг. Ачилт хийсэн боловч хөлдүүс нь бүрэн автахгүй байна. 10 байрны олон айлууд энд хог, үнс болон бусад хогоо ил задгүй хаясаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээг авч байгаа боловч одоогоор шийдэлд хүрээгүй байна. Энд байгаа 00-ыг шууд буулгах боломжгүй байсан учраас холбогдох газар хүсэлт гаргасан” хэмээн ярилаа.
Хотын Захирагч С.Амарсайхан “Хогоо хугацаанд нь долоо хоног бүр ачуул. Хариуцсан хэсгийн ахлагчаа сайн ажиллуул. Эргээд өөрсдөө хяналт тавьж ажилла. Долоо хоногийн дотор энэ 00-ыг буулгах хэрэгтэй. Хог хаях цэгийн газрын асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэнэ. Үлдсэн хог хаягдлыг ачиж цэвэрлэ. Орчин тойрныг цэвэрлэж, халдваргүйжүүл. Энэ ажлуудыг та хариуцаж, хяналт тавьж хийх ёстой” гэсэн үүрэг чиглэлийг хорооны Засаг дарга Д.Энхтүвшинд өглөө.
Мөн оршин суугчдад хандан “Цаашид хог хаягдлаа гудамж, зам талбайд ил задгай хаяхгүй байх хэрэгтэй. Амьдарч байгаа газартаа эзэн нь байж хариуцлагатай хандан иргэний оролцоогоо нэмэгдүүл. Энэ дан ганц хорооны асуудал биш иргэд та бүхэн хамтран асуудлаа шийдэх нь чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс