Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолыг үндэслэн өчигдөр /3.17/ шуурхай ажлын хэсгүүд гарч зах худалдааны төвөөр худалдан борлуулж буй мах болон өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамжийн байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Хүчит шонхор”, “Меркури” “Баянзүрх”, “Амгалан”, “Хар хорин” зэрэг зах, худалдааны төвүүд хамрагджээ.
Хяналт шалгалтаар бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар
- үхрийн цул мах 10000-16500 төг,
- үхрийн ястай мах 9500-14000 төг,
- зоорины үхрийн мах 8500 төг,
- хонины цул мах 9000-9500 төг,
- хонины ястай 8500-13500 төг,
- ямааны ястай мах 6200-7200 төг,
- алтан тариан дээд гурил 1 кг 1300-1500 төг,
- алтан тариан 1-р гурил 1 кг 1100-1300 төг,
- будаа 1 кг 2500-3500 төг,
- элсэн чихэр 2000-3500 төг,
- монгол төмс 1 кг 850-1500 төг,
- сонгино 2500-4500 төгрөгийн үнээр тус тус худалдаалагдаж байна.
Зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой эрэлт, нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Махны хувьд зэрэглэл чанараас шалтгаалан харилцан адилгүй үнэтэй байна. Улирлаас хамаараад нойтон махны нийлүүлэлт багасан, зоорины мах, нөөцийн мах худалдаалагдаж байна. Нөөцийн мах худалдаалж буй дэлгүүр, худалдааны төвүүд махны үнийг Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар худалдан борлуулж, нөөцийн махны үнийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод байршуулсан байна. Нөөцийн махны хувьд хангалт хэвийн, чанар сайн байна.
Нийт иргэд, хэрэглэгч та бүхнийг худалдан авалт хийхдээ чанарын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв таны эрх ашиг зөрчигдвөл “Хэрэглэгчийн утас-115”-т хандана уу.