OVID-19”-ийн халдвар Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Монголын банкны холбоо (МБХ)-ноос арилжааны банкуудын зээлийн хүүгийн бодлогод өөрчлөлт хийхээр төлөвлөж буйгаа Засгийн газарт мэдэгджээ.
Тодруулбал, өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд тус холбооны тэргүүн оролцож, зээлийн хүүгийн талаар санал солилцсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Тэрбээр, “Засгийн газраас “COVID-19”-ийн халдвар эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх бодлого боловсруулан ажиллаж байгаа. Өнгөрсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд алданги тооцохгүй байх, нөхөн төлүүлэх, түрээсээ буулгасан худалдааны төвүүдийн татварыг тэглэх зэрэг шийдвэр гаргасан. “COVID-19”-ийн тархалтын үед улс орнууд эдийн засгаа хамгаалахаар боловсруулсан бодлогод Олон улсын валютын сан судалгаа хийсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг цаг үеэ олсон, зөв шийдэл хэмээн дүгнэсэн байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1 хувиар буулгаж, арилжааны банкуудын Заавал байлгах нөөцийн хэмжээ 10.5 хувь байсныг 8.5 хувь болгохоор өнөөдөр шийдвэрлэсэн. Тиймээс МБХ-ноос Засгийн газрын бодлогыг дэмжиж, зээлийн хүүгийн талаар тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн” хэмээв.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүгийн асуудлаар ББСБ-уудтай хамтран ажиллаж байгааг онцолсон юм.