Энэ сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд ирсэн франц иргэний шинжилгээний хариу эерэг гарч, шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдсон билээ.
Түүнтэй хамт 67 настай Англи улсын иргэн нэг онгоцонд, нэг суудал дээр зэрэгцэн сууж, Монголд газардсан талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэрбээр гуравдугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгийг дайрч, Увс аймагт хөл тавьсан. Ингээд Улаангом суманд зочид буудал, хоолны газруудаар үйлчлүүлж нэг хоноод, Бөхмөрөн сумыг зорьсон талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.
Англи иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл сошиал орчинд түгж байсан ч албаны хүмүүс үгүйсгэсэн юм.
Түүнийг халдвар авсан хүнтэй хамт зорчсон гэдэг утгаар нь онцолж, яаралтай тусгаарлах арга хэмжээ авчээ. Тодруулбал Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгалийн гэрэл зураг дарахаар айлд байршиж байхад нь жолооч, тогоочийнх нь хамт тусгаарласан байна. Мөн түүнтэй хавьталд орсон иргэдийг олж илрүүлэн, тусгаарлах, Улаангом суманд хөл хорио тогтоох зэрэг ажлуудыг Увс аймгийн онцгой комиссоос авч хэрэгжүүлээд буй.