Өнөөдөр /2020.03.10/ Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан иргэд хүнсээ нөөцөлж эхэллээ. Зах, худалдааны төвүүд хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмж байна гэж иргэд гомдоллож байна. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-аас тодруулахад:
“Өнөөдрийн байдлаар иргэдээс 11 гомдол ирсэн байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон амны хаалт, гар ариутгагчийн үнийн өсөлтийн талаар гомдлууд ирсэн. Гомдлын дагуу шалгалт хийн ажиллаж байна. Өнөөдөр агентлагийн даргын шийдвэрийн дагуу нийт найман зах, худалдааны төв дээр хяналт, шалгалт хийж байна. Иргэд өөрсдөө хиймлээр үнийн хөөрөгдөл үүсгэж, зүй бус үйлчилгээ явуулж буй хүмүүсийг дэвэргэж байна. Иргэд аль болох тайван байж, төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Манай улсад хүнсний бүтээгдэхүүний нөөц байгаа. Иймд иргэд хэрэглээгээ зөв зохицуулж, ихээр нөөцлөхгүй байхыг анхааруулж байна. Өмнө нь үндэслэлгүй үнээ нэмсэн асуудлыг Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг байсан. Харин одоо хүнд нөхцөл байдлыг ашиглан ашиг хонжоо олж буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж, шийдүүлнэ” хэмээлээ.